Блог руу буцах


Тайваньд аялсан тэмдэглэл №2

Түрүүч “тэмдэглэл №1”



Таоюань олон улсын нисэх буудал

9 сарын 3-ны орой Чан Кай Шек олон улсын нисэх буудалд буув. Биднийг Тайваньд байх хугацаанд уг буудлын нэрийг “Таоюань олон улсын нисэх буудал” болгож өөрчлөх шийд Кабинетаар батлагдаж (The China Post, 2006.09.07), буцах үед онгоцны буудлын хаяг шинэчлэгдэн засагдсан байлаа. Хуучин тоталитар дэглэмийн үлдэгдэлүүдээс татгалзаж, улам бүр ардчилагдаж, шинээр төрж буй улс (хэдийгээр тусгаар тогтнол нь хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа ч) болж байгаагаа дэлхийд зарлаж байгаа нь энэ. Эхний өдөр цаг хэдийнэ 10 өнгөрч байсан тул даруйхан буудалдаа бууж тухаллаа.



White Ladder фото студи

Эхний өдрийн ихэнхийг White Ladder хэмээх фото зургийн студи дээр зургаа авахуулахад зориулав (эхнэрийн минь гол төлөвлөгөө). Янз бүрийн хувцас өмсөж, нүүрээ будуулан, элдэв маягаар зургаа авахуулж энгийн хэн ч гэсэн сэтгүүл дээр гардаг фотомодел шигээр зургаа татуулах үйлчилгээ юм. Тайвань залуучуудын дунд ихээхэн дэлгэрснээр барахгүй Японоос үүнийг зорин ирж зургаа авахуулах жуулчид жил бүр олширсоор байна. Гадаадын жуулчдад зөвхөн бэлэн байгалийг харуулах биш, энэ мэт хүний гар сэтгэл шингэсэн үйлчилгээг үзүүлэх бизнес боломж бий. Монгол залуус урлаг дизайны мэдрэмж сайтай, түүн дээр чин сэтгэлийн чанартай үйлчилгээ нэмэгдээд явчихвал ч.


Энэ өдрийн сонингоос гарчиглаж байтал “Чен ерөнхийлөгчийн Номхон далайн орнуудаар хийх аялалын зам Филиппиний агаарын замыг дамжих байсан боловч Хятадын шахалтаас болж Филиппин үл зөвшөөрч, Япон, Америкийн агаараар дамжих болжээ. Замд гарахын өмнө Чен ерөнхийлөгч Япон, АНУ-ын талд талархлын цахилгаан утас илгээв” гэсэн байлаа. Бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч нэг гараад мордохдоо хүртэл чөлөөтэй явж чадахгүй, агаарын зам ашигласан дээр хүртэл нэг нэггүй талархал явуулна гэдэг ямар ч үйлтэй юм дээ гэж бодогдож байлаа.


Аялалын хоёрдахь өдөр “2.28 хэргийн” музейг үзэж сонирхохоос эхлэв. Шилжин ирсэн хятад засаг, уугуул тайвань иргэдийн хооронд болсон 1947 оны 2 сарын 28-ны мөргөлдөөнөөс эхэлж олон арван жил дамжсан их хавчлага хэлмэгдүүлэлтийн түүхэн музей юм.


Тэгэхээр энд бяцхан завсарлаж Тайванийн түүхийн талаар товч дурдая.



Үзэсгэлэнт арлын түүх

Тайвань өвөрмөц түүхтэй орон. 16-р зууны үед Тайванийн арлыг дайран явсан португал далайчин дуу алдан бахдахдаа “Ила Формоса” (үзэсгэлэн төгөлдөр арал) гэснээр саяхан хүртэл европт Тайванийг Формоса гэж нэрлэж байжээ. 1624 онд Голландууд уг арлыг эзлэн захирах болов. Арлын хойд хэсгийг Испаничууд нэг хэсэг эзэгнэж байсан боловч төдөлгүй голландуудад хөөгджээ. Мөн энэ үед эх газрын хан үндэстнүүд (хятадууд) ихээр нүүн суурьшиж уугуул овгийнхонтой цус холилдож иржээ. 1661 онд Мин улсын жанжин Жэн Чэнгонг (鄭 成功) Манж Чин улсад ялагдахдаа Тайваньд дүрвэж ирэх бөгөөд чингэхдээ голландуудыг хөөж явуулав. Тэрээр Тайваньд байрлан хүч сэлбэж байгаад Чин улсыг эргэж цохих төлөвлөгөөтэй байсан бололтой, гэвч талаар болжээ. 1683 оноос Тайвань Манж Чин улсын захиргаанд оров. Голланд болон Мингийн захиргааны үед зэлүүд газрыг боловсруулах хөгжүүлэлт эрчимтэй явагдсанаар энэхүү Чин улсын үе гэхэд газар тариалан цэцэглэн хөгжиж, газарзүйн байрлал зэргийн хувьд Барууны орнууд болон Японы анхаарлыг ихэд татсан нутаг болжээ.



Колонийн захирагч Кодама Гэнтароо

Япон-Хятадын дайны дараа буюу 1895 оноос арлыг япончууд мэдэлдээ авав. 1895 оноос Дэлхийн 2-р дайны төгсгөл 1945 он хүртэл яг тавин жил захирахдаа япончууд Тайваньд цахилгаан шугам, төмөр зам, аж үйлдвэр, эрүүлийг хамгаалах, боловсролын систем зэрэг орчин үежилтийн эх суурийг үндсэндээ тавьжээ. Үүнтэй зэрэгцэн албан ёсны хэлийг япон хэл болгож, сургууль боловсролоор дамжуулан бүрмөсөн японжуулж уусгах бодлого явуулсан ба үүний үр дүн эдүгээ ч настай тайваньчууд япон хэлээр ярьж чаддагаар харагдана. Ер нь Японд нэг үе эзлэгдсэн Хятад, Солонгос болон Зүүн Өмнөд Азийн орнууд дотроос Японд хамгийн элэгтэй, талархалтай байдаг нь Тайваньчууд юм. Нэн ялангуяа Кодама Гэнтароо ерөнхийлөн захирагч, Готоо Шинпэй дотоод хэргийн захирагч нарын жилүүдэд Тайвань үсрэнгүй хөгжих сууриа тавьсан гэдэг.


Миний ихэд хүндэлдэг Нитобэ Иназо доктор ч яг энэ үед Готоо Шинпэйгийн урилгаар Тайваньд ажиллаж байсан бөгөөд, хөдөө аж ахуйн маршал төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж элсэн чихрийн үйлдвэрлэлийг гэхэд 35 мянга дахин өсгөсөн байдаг (Энэ тухай ЭМОС клубээс гаргасан Өөрийгөө хөгжүүлье! номноос уншиж болно). Бас тайваньчуудын сэтгэлд хоногшсон өөр нэгэн ерөнхийлөн захирагч гэвэл Акаши Мотожироо бөгөөд тэрээр 1 жил дөрөвхөн сар ерөнхийлөн захирахдаа усан цахилгаан станц, боловсролын шинэ систем, эрх зүйн шинэчлэл, банк, сургууль байгуулалт, төмөр зам, мод боловсруулах зэрэг прожектийг хэрэгжүүлж, энэ явцад ажлын хэт ачааллаас болж нас эцэслэсэн хүн юм. Тэрээр бие муутай байхдаа “хэрэв надад ямар нэгэн юм тохиолдвол шарилыг минь Тайваньд аваачиж нутагшуулаарай” гэж захисныг хойч үеийнхэн ёсоор болгосон байдаг.



Цус дагуулсан 2.28 хэрэг

2-р дайнд ялагдсан япончууд Тайванаас гарч явсаны дараа Хятадын Гоминдан намын шинэ Засгийн газрыг Тайваньчууд халуун дотноор хүлээн авав. Гэвч японы колонид байсан тавин жилийн туршид соёл болоод оюун санааны хувьд эх газрын Хятадаас ихээхэн ялгаатай болж ирсэнээс гадна, эх газраас ирсэн хятадууд ёстой нэг дарангуй эзэн болж, уугуул иргэдийг хавчих үзэгдэл газар авснаас болж удалгүй тэдгээр орж ирсэн хятадуудыг үзэн ядах тэмцлийн уур амьсгал газар авав.



Том алим нь Хятад, жижиг алим нь Тайвань
(2.28 түүхэн музейн зураг)


Энэ үед Мао тэргүүтэй коммунистуудад ялагдсан Үндэстний намынхан буюу Гоминданы толгойлогч Чан Кай Шек 1949 онд Тайвань руу дутааж ирсэн бөгөөд Тайваньд ирээд Бүгд Найрамдах Хятад Улсыг зарлаж, өөрөө ерөнхийлөгч болов. Эдүгээг хүртэл Тайванийн тусгаар тогтнолыг дэлхийн ихэнх улс хүлээн зөвшөөрөөгүй байгаа бөгөөд, НҮБ-д ч элсч чадаагүйг та бид сайн мэднэ. Чан Кай Шекийн тоталитар дэглэм ийнхүү гараагаа эхэлж, Чан Кай Шекийн дараа түүний хүү Чан Чин Күо гээд үе залгамжилсан дарангуйлал тогтов. “Шилжин ирэгчдийн” дарангуйлал хэрээс хэтрэх үед “уугуул суугчдын” бухимдал тэсэрсэн нь 1947 оны 2 сарын 28 байлаа. Тайваний бүх аралд тэмцлийн дуу хадаж, эсэргүүцлийн жагсаал өрнөв. Тэмцэл удаан үргэлжилсэнгүй, эх газрын Хятадаас цэргийн нэмэгдэл хүч ирснээр тэмцлийг нэгмөсөн дарсан бөгөөд, энгийн иргэдээс эхлээд нөлөө бүхий сэхээтнүүд, элитүүдийг толгойлон хядсан байна. Тайваний түүхэнд Цагаан террор гэж нэрлэгдсэн энэ хүчирхийлэл 40 жил үргэлжилсэн юм.

Музейн япон хэлтэй тайлбарлагч өвгөн өөрөө хэлмэгдүүлэлтэд өртөж эрүүгдэн тамлагдаж байсан бөгөөд, дүү нь энэ хэлмэгдүүлэлтээр егүүтгэгдсэн гэнэ. Энэ хүний амьдрал нь тэр чигээрээ кино шиг л юм билээ. Японы Сакура хэвлэлийн газраас ирэх жил энэ хүний намтрын тухай ном гаргах гэж байгаа гэнэ. Анх 17 настайдаа цэрэгт шалгагдан тэнцэж бөөн баяртай Дэлхийн 2-р дайны галын шугам руу явж байсан гэх. Тийнхүү баярлан явсны учир нь цэрэгт явснаар эх орныхоо төлөө эр хүний хувьд хүчин зүтгэж чадахаас гадна, япон залуустай нэг эгнээнд орсноор япончуудтай адил түвшний статустай болж “жинхэнэ япон хүн болно” гэдэгт байжээ.



Гоминданы цэргүүд Тайваньчуудыг хөл гарыг нь нүхлэн олсоор холбож буудаж байгаа зураг. Баримтат үйл явдал бөгөөд хамгийн баруун захын хүн амьд үлдсэн байна.

Тэрээр Сингапур луу дайчлагдаж, тэндээсээ Бирмад (одоогийн Мянмар) очин байлдаж байсан байна. Мянмарт байх үед нь японы арми ухралтад орсон бөгөөд, агаарыг америкууд бүрэн эзэлсэн нөхцөлд өдөр явбал агаараас бөмбөгдүүлэх учир зөвхөн шөнөөр хөдөлж байжээ. “Хүн идэх юмгүй олон хоног тэсч бол чадна, харин уух юмгүй болоод ирэнгүүт үнэхээр үхдэг юм билээ. Ам хатахын эрхээр нэг удаа үхрийн баасны хонхор дээр тогтсон усыг ууснаас болж гэдэсний өвчин тусч үхэхийн наагуур эх орондоо буцаж ирж байж билээ” гэж өвгөн хуучлах ба залгуулаад 2.28 хэргийн тухай “Бирмад хэдийгээр хүнд байсан ч арай ч 2.28-ын үед баригдан тамлагдаж байсантай харьцуулах юм бол юу ч биш байж. Энэ хятадууд хүнийг тамлахдаа ёстой араатнууд” гэж ярьж байлаа. Түүний ах нь сонин гаргадаг байсан ба, цагаан террорын үед ахыг нь нэхэж ирсэн Үндэстний намынхан (гоминданыхан) өөрийг нь оронд нь баривчилж явсан гэдэг. Тэр өөрөө ахынхаа сонины газар туслах ажилтан байсан юм билээ.



Музейн тайлбарлагч энэ өвгөн 81 настай гэхэд маш хөнгөн шингэн хүн юм. Урдаа барьсан нь хэлмэгдүүлэлтээс нэр төрийг нь цагаатгасан үнэмлэх.

Эцэг хүү Чангийн ноёрхол 1987 онд дуусгавар болж, шинэ ерөнхийлөгч Ли Тэнхүй ерөнхийлөгч байсан 10 гаран жилийн хугацаанд Тайваньд улс төрийн ардчилалын үндсийг тавьж, цоо шинэ үзэл баримтлалыг дэвшүүлэн хэрэгжүүлжээ. Тайванийн ард түмний хүндэтгэлийг хүлээсэн энэ хүн Киото их сургуулийг төгссөн учир миний хувьд нэг сургуулийн сэнпай болно. Японы хуучны боловсролын системийг дэмждэг тэрээр Японд хэд хэдэн ном бичиж хэвлүүлсэн байдаг. “Бушидогийн тайлбар: Ноблэсс Оближ гэж юу вэ?” номыг нь олж унших санаатай. (李 登輝 『「武士道《解題―ノーブレス・オブリージュとは』、小学館、2006)


Тайвань нь саяхан хүртэл манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй байсан бөгөөд, “Их Хятадын” нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үзсээр байсан билээ. Тун саяхан буюу 1996 онд ерөнхийлөгч Ли Тэнхүй Парламент дээр Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх санал гаргаж, 2000 оны анхны чөлөөт сонгуулиар ялсан Ардчилсан прогрессив намын ерөнхийлөгч Чэн Шүй Бианы засаг 2004 онд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн.


  

Блог руу буцах